-1

Өмнө нь ажиллаж байсан албан хаагчийг буцаан томилох шүүхийн шийдвэр гарсан бол шинээр томилогдсон албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөнө

2023-04-12    |   513

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.22-ны өдрийн №24 дүгээр шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм №2, 2023.04.10

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Төрийн албан хаагч Х нь 2018 онд төрийн албаны шалгалтад тэнцсэн бөгөөд түүнийг Дорнод аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны тогтоолоор аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын тушаалаар, баталгаажуулалтын шинжээчээр томилжээ.

            Гэвч 2022 онд уг албан тушаалд өөр хүнийг буюу өмнө нь ажиллаж байсан Б-г үргэлжлүүлэн ажиллуулах тухай шүүхийн шийдвэр, түүнд үндэслэсэн Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарсан тул  Х-г үүрэгт ажлаас нь  чөлөөлсөн байна.

Х уг тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын мөнгө, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгуулахаар шүүхэд маргасан.

 Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь байгууллагын бүтэц, орон тоонд огт өөрчлөлт ороогүй, орон тоо хасагдаагүй байхад төрийн албан хаагч Б-г ажлаас чөлөөлсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.

Тодруулбал, албан тушаалын сул орон тоо гараагүй байхад захиргааны байгууллага буруу шийдвэр гаргаж, Х-г баталгаажуулалтын шинжээчээр томилсон нь буруу болжээ. Өмнө нь тухайн байранд ажиллаж байсан төрийн албан хаагчийг хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн эсэхээс шалтгаалж, дараагийн албан хаагчийг томилох үр дагавар үүсэх юм. Энэ тохиолдолд өмнөх албан хаагчийг ажлаас буруу чөлөөлсөн тул өмнөх албан хаагч буцаан ажилдаа томилогдох эрхтэй.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11231?daterange=2022-01-01%20-%202023-02-12&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал

. . .
Цаг үеийн мэдээ