Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр шийдвэр гаргах боломжгүй тул прокурорт буцаав

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2024.01.26, 2024/ШЗ/86 шүүгчийн захирамж

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Процессын тоймын дугаар, огноо: № 2, 2024.02.29

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

        Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөрийн өмчийн адил үнэ төлбөргүй захиран зарцуулах эрхийг өөртөө бий болгосноор төгс үйлдэгддэг бол хулгайлах үйлдэл нь тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй, төгсөж чадаагүй гэмт хэрэг таслан зогсоогдсон тохиолдолд мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үздэг байна.

         Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын сүүлээр бусдын өмчлөлийн эзэн тодорхойгүй 1 тооны үнээ өөрийнх нь үхэрт нийлж тухайн цаг хугацаанаас хойш хамт бэлчээрлэж байгааг мэдсээр байж холбогдох байгууллагад мэдэгдэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй мөртлөө 2023 оны 08 дугаар сард ашиг олох зорилгоор өөрийн өмчийн адил захиран зарцуулсан болох нь тогтоогдож байхад прокурор шүүгдэгчийн дээрх үйлдлийг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхгүйгээр, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг гаргах боломжгүй байх тул шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.