Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн танилцуулга

                 Монгол Улсын шинэ Үндсэн хуульд эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнасан шүүх байгуулж болохыг хуульчлан баталгаажуулсны дагуу Улсын Их Хурлаас  2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, тэдгээрийг 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөр Монгол Улсад  анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж байгаад шүүхийн хяналт тавьж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилго бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэл, шүүхийн тогтолцоонд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болсон билээ.

              Аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Батсүрэн, анхны шүүгчээр Б.Оюун, Н.Балжмаа, П.Амаржаргал нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаар зарлигаар томилж, тангараг өргөснөөр Дорнод аймагт Захиргааны хэргийн шүүх анх байгуулагдаж, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

             2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулиар захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамарсан “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх” байгуулагдсанаар өдгөө тус шүүх нь Ерөнхий шүүгч П.Амаржаргал, шүүгч В.Давааням гэсэн 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүн таслах ажиллагааг явуулж байна.