-1

УЛСЫН ХИЛИЙН ЗУРВАСТ ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОНО

2023-05-01    |   427

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.07-ны өдрийн №2 дугаар шийдвэр

Шүүхийн шийдвэрийн тойм № 4, 2023.04.27

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Сумын Засаг даргын  2021.04.06-ны өдрийн захирамжаар Газрын дуудлага худалдаа зохион байгуулагдсан бөгөөд газар эзэмших эрхийн дуудлага худалдаанд 553.733.674 төгрөгөөр ялагч болсон “С” ХХК-д тариалангийн зориулалттай 1016.0910 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Гэвч 4 сарын дараа сумын Засаг дарга, “С” ХХК-д тариалангийн зориулалттай эзэмшүүлсэн газраа хүчингүй болгосон. Учир нь “газрын дуудлага худалдааг хууль зөрчин явуулсан талаар Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газраас аймгийн Засаг даргад ирүүлсэн мэдэгдлийг ирүүлсэн, хилийн зурвас газрыг хил хязгаарыг буруу тодорхойлсон байна” гэв.

“С” ХХК уг захирамжийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Сумын Засаг дарга өөрийн гаргасан шийдвэрээ хууль зөрчсөн гэж үзвэл өөрөө хүчингүй болгож, алдаагаа засах эрхтэй.

Монгол Улсын Хилийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, газрын дуудлага худалдааг зохион байгуулсан нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, нөхцөл байдлыг дутуу шалгаж, алдаатай шийдвэр гаргасан бол түүнийгээ өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй гэж шүүхээс үзсэн.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/8752?daterange=2022-01-01%20-%202022-02-01&id=1&court_cat=3&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал

. . .