-1

ИРГЭН Т-Г СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАХ ТУХАЙ ПРОКУРОРЫН САНАЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЙХ ТУЛ ТАТГАЛЗАЖ ШИЙДВЭРЛЭВ

2023-04-05    |   347

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.03.29, 2023/ЦХШЗ/09

           Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

           Процессын тойм, огноо: №01, 2023.04.04

            Агуулга: Прокурорын газраас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэр бүхий гишүүнийг хөрөнгийн эх үүсвэрээ хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа тус хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Т-г “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр  баривчлах арга хэмжээг авчээ.

Улмаар прокурор Т-г  сэжигтнээр үргэлжлүүлэн баривчлах арга хэмжээ авах тухай саналыг ирүүлсэнийг шүүх хянаад Т-г ямар гэмт хэрэгт сэжиглэн баривчилсан нь ойлгомжгүй, сэжигтнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, түүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах үедээ хуульд заасан сэжигтний хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч сонгох хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй зөрчсөн гэсэн үндэслэлээр прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 

Санамж: 

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

 Шүүхийн процессийн шийдвэрийн хураангуй бичсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа

. . .