-1

ШААРДАХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИД ТӨЛСӨН 70,200 ТӨГРӨГИЙГ ХОХИРОЛД ТООЦОВ

2023-10-26    |   308

Шийдвэрийн огноо, дугаар: 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 201/МА2023/00030

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, шийдвэр-хураангуй: дугаар 02

Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Г.Б холбогдуулан байрны түрээсийн төлбөр 360,000 төгрөг, алданги 180,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 610,200 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 160,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 450,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс алданги болон улсын тэмдэгтийн хураамжийн зардлыг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Б-ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ... шийдвэрлэснийг нэхэмжлэгч П.Б эс зөвшөөрч  давж заалдах журмаар гомдол гаргасан.

Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр “орон сууц хөлслөх гэрээ”-ний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн.

“Орон сууц хөлслөх гэрээ” гэдэгт хөлслүүлэгч нь гэрээний зүйл болох орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн мэдэлд шилжүүлэх, харин хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон орон сууцны хөлсийг төлөх үүрэгтэй холбогдсон эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн хооронд хийгдсэн хэлцлийг ойлгоно.

Гэрээнд заасны дагуу алданги 180,000 төгрөгийг болон хариуцагчийг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус хариуцагч төлөх үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

Хариуцагч Г.Б нь гэрээнд зааснаар эхний 3 сарын төлбөр болох 360,000 төгрөгийг 2020 оны 5 сард төлөхөөр тохирсон боловч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, 2022 оны 10 сард нийт 160,000 төгрөг төлсөн боловч 2022 оны 10 сар хүртэл хугацаанд нийт гүйцэтгээгүй үүрэг болох 360,000 төгрөгийн алданги нь 306,720 төгрөг болсныг нэхэмжлэгч 180,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй талаар зохицуулсан.

Анхан шатны шүүх анзыг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 200,000 төгрөг гэж үзэн, түүний 50 хувиар тооцож хариуцагчаас гаргуулсан нь буруу байх бөгөөд алдангийг гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөх ёстой байсан 360,000 төгрөгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний буюу 180,000 төгрөгөөр тооцон хариуцагч Г.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч П.Б-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

Иргэний хуульд “хөлслүүлэгч нь .... хөлслөгч гурван сарын турш хөлсөө төлөөгүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж заасан.

Хариуцагч Г.Б нь гэрээгээр тохирсон хугацаанд 3 сарын турш хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ үргэлжлэх боломжгүй болсон, нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Г.Б-ээс хөлс төлөхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд түүнийг эрэн сурвалжлахад гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцон хариуцагч Г.Б-ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

 

   Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн

                                                    давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу

. . .