ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭХ НӨХЦӨЛ ХАНГАГДААГҮЙ ТУЛ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ
2023-10-26 | 572Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.09.25, 2023/ШЗ/684 шүүгчийн захирамж
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын тоймын дугаар, огноо: № 07, 2023.10.25
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ш-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх зэрэг нөхцөл байдлыг хянаж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг гаргах ба хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчлагдсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан атал прокурор нь яллагдагч Э.Ш-тэй тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заагаагүй ял буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохирсон нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
Тойм бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма