Хураангуй бэлтгэсэн:
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.11.17-ны өдрийн №342 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм 2025.12.22
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Ө”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч “Ө” нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй жолоодон явж байгаад зайлшгүй зогсолт хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дахь хэсэгт заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсний улмаас 2024 оны 02 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд зам тээврийн осол гарч /замаар явж байсан авто машин зогмолт хийсэн том машиныг мөргөсөн/ Тоёота фильтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Б нь нас барж, тухайн тээврийн хэрэгсэл дотор зорчиж байсан зорчигч Ж.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.
“Ө” нь дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүхээс “Ө”-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хасаж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч “Ө”-ээс гэмт хэргийн улмаас учруулсан сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99 990 000 төгрөг, хохирол, хор уршигт нийт 108 749 690 төгрөгийг гаргуулж хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 1 815 750 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал