ЯЛЛАХ ДҮГНЭЛТИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААЖ ШИЙДВЭРЛЭВ.

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.12.19-ний өдрийн №1015 дугаартай захирамж

Шүүхийн шийдвэрийн тойм  2026.01.30

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, яллагдагч Ш.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрийн гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шижлүүлж ирүүлжээ.

Яллах дүгнэлтэд “...яллагдагч Ц.Н нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэр ...-р байрны гадна хэсэгт гээгдүүлсэн эд хөрөнгө болох хохирогч Т.М-ын эзэмшлийн Хаан банкны шар өнгийн виза картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж үзлээ...” гэсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл яллагдагч Б.С, Ш.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлсэн атлаа тухайн хэрэгт огт холбогдолгүй Ц.Н гэх хүний үйлдлийг яллах дүгнэлтэд бичиж ирүүлсэн нь ойлгомжгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон тус прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн .... дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол зэргээс үзэхэд яллагдагч Б.С нь 2024 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт Ш.Ш-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Гэтэл яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.С-ийн дээрх үйлдсэн гэмт хэргийн шинж болон Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг огт бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасныг ноцтой зөрчсөн бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж яллагдагч Б.С, Ш.Ш нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.